Friday, August 28, 2009

Сургааль

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Оройн бүхэн нэгийг санаж
Одот eртөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр та
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

Говийн ноён догшин хутагт
Дулдуйтын Данзанравжаа

*************************

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

Говийн ноён догшин хутагт
Дулдуйтын Данзанравжаа